Дорнод аймагт сураггүй болсон хоёр хүнийг эсэн мэнд олжээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн нутагт, аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн урд зүгт 123 км-т байрлах Хоёр мэлхийт гэдэг газарт бага оврын ачааны автомашинтай зорчиж явсан хоёр хүн сураггүй болсон байна.
Энэ дуудлагыг 11-р сарын 1-ний өдрийн 00:20 цагт хүлээн авч, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Баянтүмэн сумын Цагдаагийн тасаг болон Жаргалант II багийн Засаг дарга нар хамтран эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулжээ.
54 настай эрэгтэй М болон 40 настай эрэгтэй Б нар анх алга болсон газраасаа хойд зүгт 60 км-т, тус сумын II багийн Хутаг уул гэх газарт “Портер” маркийн ачааны автомашинтай осолдож, автомашин нь хажуу тийшээ харсан байдалтай олдсон байна.
11-р сарын 1-ний өдрийн 08:30 цагт хоёр иргэнийг эсэн мэнд олж, автомашиныг татан босгосон байна. Эрүүл мэндийн байдал хэвийн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
