Эх хэлээ хамгаалах нь эх оронч сэтгэлгээний эхлэл

Иргэн Б.Даариймаа ЭХ ХЭЛНИЙ ДАРХЛААГ ХАМГААЛАХ ТУХАЙ хуулийн төслийг санаачилж, 10 дугаар сарын 13-ны өдөр D-Parliament цахим платформд өргөдөл үүсгэжээ.
Өргөдөл нээгдсэнээс хойш 21 хоногийн хугацаанд дөнгөж 32 хүн гарын үсэг зурсан байна.
Монгол хэл бол улс орны тусгаар тогтнол, үндэсний дархлаа, түүх, соёл, уламжлал, сэтгэлгээний язгуур үнэт зүйл билээ. Гэвч эх хэлээрээ бүрэн илэрхийлэх боломжтой зүйлийг гадаад үгээр орлуулах, зөв бичих болон ярих соёл алдагдах тохиолдол өргөн тархаж байна.
Ялангуяа төрийн албан хаагч, багш, хэвлэл мэдээллийн ажилтнуудын хэлний хэрэглээ хүүхэд, залууст шууд нөлөөлдөг. Иймд монгол хэлээр мэдээлэл түгээж буй орчинд эх хэлээ зөв хэрэглэх, гадаад үг хэллэгийн зохисгүй хэрэглээнээс татгалзах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж санаачлагч үзжээ.
Энэхүү зохицуулалт нь гадаад хэл сурахыг хориглох бус, харин харилцахдаа эх хэлээ зөв эзэмших, хамгаалахад чиглэх юм.
Эх хэлний дархлаа иргэн бүрийн оролцооноос эхэлнэ. Иймд иргэдийг эх хэлээ хамгаалж, зөв ярих, зөв бичих соёлыг төлөвшүүлэх эрх зүйн орчныг дэмжихийг уриалж байна.
Гарын үсэг зурах линк: https://petition.parliament.mn/Detail?id=7e4b191d-f2eb-457e-bfa7-8c82395b4558
Н.Батаа
