Авлигатай тэмцэх газар нийтийн албан тушаалтнуудын хөрөнгийг шалгав

2026-10-30 22:00
20261030-220040-file.jpeg
Авлигатай тэмцэх газар 2026 оны эхний 10 сард 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан үзжээ. Зарим албан тушаалтныг өргөдөл гомдлын дагуу, бусдыг төлөвлөгөөний дагуу шалгасан байна.

Авлигатай тэмцэх газар нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын эх үүсвэр хууль ёсны эсэхийг нарийвчлан шалгаж байна. Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн удирдлагууд, компаниудын эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд багтжээ. Зарим албан тушаалтныг иргэдийн гомдол, мэдээллийн дагуу шалгаж байгаа бол үлдсэнийг төлөвлөгөөний дагуу АТГ үнэлж байна. 2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан үзжээ. Тэдгээрийн 79 нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг мэдүүлээгүй эсвэл худал мэдүүлсэн үйлдэл гаргажээ. Үүний үр дүнд 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13.8 дугаар зүйлийн дагуу зохих хариуцлага тооцсон байна. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн Дэд бүтэц, ложистикийн газрын дарга Н.Дүгэрсүрэн болон нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга С.Саранцэцэг нарын 9 албан тушаалтныг хуулийн 13.8.4 дэх хэсэгт заасны дагуу нийтийн албанаас халсан ажээ. Авлигын эсрэг хуульд нийтийн албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй юм.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих