НОСК “Бриллиант Апартмент” төслөөс хамааралгүй гэдгээ мэдэгдлээ

Дуучин Н.Агиймаа болон олон хүнийг хохиролтой болгосон “Бриллиант Апартмент” төсөлтэй холбоотой мэдээлэл олон нийтэд цацагдаж байна. Энэ талаар Нийслэлийн Орон сууцны корпораци (НОСК) ХК-наас албан ёсны мэдэгдэл гаргалаа.
НОСК ХК тус мэдэгдэлдээ “Бриллиант Апартмент” төслийн хэрэгжилт болон түүнд холбогдох иргэдийн хохирлын асуудалд ямар ч хамааралгүй болохыг тодотгосон байна.
НОСК нь Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны Яармаг орчимд 24.77 га талбайд “Шүншиг гэгээн” төсөл болон Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо Ханын материал орчимд 12.6 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлж буйг мэдээлжээ.
Түүнчлэн, НОСК нь дээрх төслүүдээс бусад гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдэд оролцохгүй бөгөөд ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Иргэдийг баталгаагүй мэдээлэлд автахгүй байхыг уриалж, төслийн бодит нөхцөл байдал болон холбогдох шийдвэр, байгууллагуудын хариуцлагыг албан ёсны эх сурвалжаас шалгахыг зөвлөж байна. Мөн байгууллагын нэр хүндэд халдсан үндэслэлгүй мэдээг дахин тараах тохиолдолд хууль ёсны арга хэмжээ авахыг мэдэгдлээ.
