Түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгөөгүй жолоочийг торгож, эрхийг нь хасав

2026-10-28 12:00
20261028-120017-file.jpeg
Цагдаагийн байгууллага түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгөөгүй жолоочийг торгож, жолоодох эрхийг нь 3 сараар хасан шийдвэр гаргалаа. Тээврийн цагдаагийн алба жолооч нарт тусгай зориулалтын техникийн зам тавихыг анхаарууллаа.

10 дугаар сарын 13-ны өдөр фэйсбүүкт түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгөөгүй, зүй бус үйлдэл гаргасан тухай мэдээлэл нийтлэгдсэн байна. Цагдаагийн байгууллага уг мэдээллийг шалгасан бөгөөд тухайн жолоочийг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгожээ. Мөн хуулийн 3.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хассан байна.

Тээврийн цагдаагийн алба замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хууль ёсны дуут дохиотой тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдэд зам тавьж өгөх, бусдын амь нас болон эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэйг сануулж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.