Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болохыг Н.Номтойбаяр мэдээлэв

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр ОХУ-д зургаан хүн сармагчны гаралтай халдварт цэцэг өвчнөөр өвчилсөн бөгөөд тус улсын эрүүл мэндийн байгууллагууд хяналтаа тавин эмчилгээ хийж байгаа гэв.
Эрхүү хотод гарсан өвчний улмаас 198 хүн хөл хорионд орсон бөгөөд хэд хэдэн хүн өвдсөн байна. Н.Номтойбаярын мэдээллээр энэ өвчин нь уушгины тахал биш, харин Ковидын төрлийн хоёр вирус илэрсэн нь тогтоогдсон байна.
Мөн хөрш зэргэлдээ улсад ийм асуудал үүссэнтэй холбогдуулан Монгол Улс бэлэн байдалд байх шаардлагатайг онцолжээ. Гэвч сармагчны гаралтай халдварт өвчин Монгол Улсад орж ирсэн тохиолдолд оношилгооны тоног төхөөрөмж одоогоор дутагдалтай байгаа тул хоёр байгууллагад тоног төхөөрөмж авах хүсэлт тавин, яаралтай ажиллаж байгааг дуулгав.
