Жуковын хөшөөний ард цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил эхэлж, тохижилт 15 хувьтай байна

2026-10-18 11:001min
20261018-110021-file.jpeg
Баянзүрх дүүргийн Жуковын хөшөөний ард 6000 ам метр талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэр гарч, тохижилтын ажил 15 хувийн гүйцэтгэлтэйгээр үргэлжилж байна. Ирэх хавар ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Жуковын хөшөөний ард байрлах 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва 2023 оны зургаадугаар сарын 19-нд гаргасан байна. Зөвшөөрлийн цуцлалт гарснаас хойш долоодугаар сараас газарт бэлтгэл ажил эхэлж, гүйцэтгэгч компанийг шалгаруулсан байна. Тохижилтын ажил 2023 оны аравдугаар сарын 9-нд албан ёсоор эхэлжээ. Өнөөгийн байдлаар тохижилтын ажил 15 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж.

Мөн тухайн газар дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа. Засаг дарга Б.Пүрэвдагва хэлэхдээ, “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбай 5.9 ам метр бөгөөд энэ нь дэлхийн дунджаас 60 хувиар бага байна. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд онцгой анхаарч байна” гэжээ.

Тэрбээр Хаан банктай хамтран Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхлүүлэхээр төлөвлөж буйгаа мөн танилцуулсан байна. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байгаа бөгөөд “Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд хоёр цэцэрлэгт хүрээлэн тохижуулах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт болон Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын болон орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Цаашид нийт 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор 13 байршилд зураг төсөл боловсруулагдаж, эдгээрээс гарах бүтээн байгуулалт 2027 оны төсөвт багтсан гэж мэдээллээ.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн тэгшилсэн бөгөөд 35.5 метр урт түшиц хана, тус бүр 10 ам метр хэмжээтэй хоёр пандуус, шат зэрэг байгууламжийг барьж гүйцэтгэсэн тухай компаниас мэдээлэв.

Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагмагийн хэлснээр хар шороо, дайрга, явган хүний замын хашлага, хавтан зэрэг байршлийн тохижилтын материалууд бэлэн болон нөөцлөөд байна. Мөн тохижилтын ажилд зориулан 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайс мод тарьж суулгахаар бэлтгэсэн байна.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг 2023 оны арваннэгдүгээр сарын 15 гэхэд 90 орчим хувьтай гүйцэтгэж, ирэх хавар бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.