Засгийн газар Оюу толгойн ногдол ашгийг иргэдээс санал авч зарцуулахыг зохион байгуулахаар болжээ

2026-10-13 12:001min
20261013-120036-file.jpeg
Засгийн газар "Рио Тинто"-оос авах Оюу толгойн ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс E-Mongolia платформоор санал авч, энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Засгийн газар “Рио Тинто” компанитай тохиролцоонд хүрч, Оюу толгойн ногдол ашгийг авах талаар ажиллаж байна. 2027 оны төсөвт уг ногдол ашгийг тусгасан бөгөөд Засгийн газар 3 их наяд төгрөг авах санал гаргасан байна. Хөрөнгө оруулагч тал ч энэ хэмжээнд хүрэх чиглэлд ажиллахаа илэрхийлжээ.

Ерөнхий сайд Н.Учрал ногдол ашиг хэрхэн зарцуулагдахыг иргэдийн зөвшилцлөөр тодорхойлохоор E-Mongolia платформ ашиглан нээлттэй санал асуулга явуулна гэж мэдэгдсэн байна. Маргаашаас эхлэн энэхүү санал асуулга эхлэх бөгөөд Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Засгийн газар ногдол ашгийг дараах чиглэлүүдэд зарцуулахаар төлөвлөж байна:
– Иргэн бүрийн хуримтлалын данс
– Шинэ Дулааны VI цахилгаан станц барих (300 МВт хүчин чадалтай)
– Есөн аймгийн дулааны станцыг дуусгах, үүний 30 хувийг ногдол ашгаас санхүүжүүлэх
– Малын эм, вакцины үйлдвэр болон арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах
– Зургаан бүсэд Кэмбрижийн хөтөлбөртэй сургууль байгуулж, төрөлжсөн ахлах сургууль барих
– Хоёр боомтыг шинэчлэх

УИХ дахь АН-ын бүлэг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нийцүүлэн ногдол ашгийг зөвхөн иргэдийн хуримтлалын дансанд байршуулж, нэг иргэнд ойролцоогоор 835 мянган төгрөг ногдох ёстой гэж үзэж байна.

Ийнхүү Засгийн газар маргаашаас Оюу толгойн ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс санал авч, энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэх аж.