Саудын Арабын Эр-Риядын нисэх буудалд халдлага гарч 12 хүн амь үрэгджээ

2026-10-12 15:011min
20261012-150127-file.jpeg
Саудын Арабын нийслэл Эр-Риядын олон улсын нисэх буудалд халдлага болж, 12 хүн нас барж, 300 гаруй хүн шархадсан байна. Холбогдох байгууллагаас иргэдэд аюулаас сэргийлэх зөвлөмж өгсөн.

Бямба гарагт Саудын Арабын Хаант Улсын нийслэл Эр-Риядын олон улсын нисэх буудал халдлагад өртжээ. Энэ халдлагын улмаас 12 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархадсан байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, халдлага нь пуужингаар дотоодын нислэгийн 3 болон 4 дүгээр терминалын цогцолборыг зориудаар онож гүйцэтгэсэн байна. Саудын Арабын Хаант Улс тэргүүтэй цэргийн эвсэл уг халдлагыг Ираны дэмжлэгтэй Йемений хусит этгээдүүд хийсэн гэж мэдэгджээ.

Саудын Арабын Хаант Улс 2015 онд Йемений нийслэл Сана хотоос хуситуудыг шахан гаргах зорилгоор Арабын эвслийн дүрэмт хүчинд нэгдэн орсон юм. Хэдийгээр 2022 онд Саудын Араб болон хуситууд эвлэрсэн ч 2026 оны зун дахин сөргөлдөөн эхэлсэн байна.

Үүний үр дүнд Саудын Араб тэргүүтэй эвсэл Йемен дэх хусит этгээдүүдийн эсрэг цэргийн ажиллагаа өрнүүлж, 10 дугаар сарын эхний долоо хоногт Эр-Риядын нисэх буудал хэд хэдэн удаа халдлагад өртсөн байна.

Саудын Араб дахь нөхцөл байдлын улмаас Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газар иргэдэд зөвлөмж өгсөн юм. Зөвлөмжид түр хугацаагаар тус орон руу зорчигчид нислэгийн мэдээллийг тогтмол шалгах, нислэгийн компанийн заавар зөвлөгөөг дагаж мөрдөх, Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамтай байнга холбогдож, утасны дугаар, цахим хаягаа гаргаж өгөхийг онцолсон байна.

Мөн шаардлагатай үеийн зөвлөгөө, мэдээллийг албан ёсны төр, засгийн байгууллагуудын эх сурвалжаас авч, суугаа орны төрийн байгууллагын заавар зөвлөмжийг чанд мөрдөхийг зөвлөв.