“Хатанбаатар” эмнэлэгийг хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгох үүрэг өгчээ

“Хатанбаатар” эмнэлгийг нийслэлийн өмчлөлд буцаан авч, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн салбар болох хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгон өөрчлөхөөр болсон байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва энэ амралтын өдрүүдэд тус эмнэлгийн засварын ажлыг шалгаж, хүүхдийг коридорт хэвтүүлж авахгүй байх зорилтын хүрээнд арваннэгдүгээр сарын 1-ний дотор 100 ортой Хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулах үүрэг өгчээ.
Сонгинохайрхан дүүргийн 368,000 оршин суугчийн 135,000 нь хүүхэд бөгөөд одоог хүртэл дүүргийн Нэгдсэн эмнэлэг хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дангаараа хариуцаж, ачаалал өндөр байсан юм.
“Хатанбаатар” эмнэлгийг хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгон нээснээр хүүхдүүд орчин үеийн нөхцөлд нарийн мэргэжлийн тусламж 24 цагаар авах боломж бүрдэнэ гэж Нийслэлийн Засаг дарга онцлов.
Эмнэлэг ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдээс гадна Баянгол дүүргийн зарим захын хорооны хүү, охидод ч үйлчилгээ үзүүлэх юм.
