Э.Батшугар: ОХУ-аас “Уушгины хурц хатгаа” өвчин нь тахлын хэмжээнд биш гэсэн албан бичиг ирсэн

ОХУ-ын Эрхүү мужийн Шелехов хотод Тахалтай тэмцэх эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн ажилтан 28 настай Дарья Шипилова үхлийн аюултай уушгины тахлаар нас барсан байж болзошгүй гэх мэдээлэл нь Монголчуудын хувьд “Корона вирус”-ээс аюултай тахал дахин дэгдэх вий гэх айдсыг төрүүлж буй.
Уг асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “ОХУ-д гарсан хурц хатгаагаар 28 настай эмэгтэй нас барж, 200 хавьтлыг тусгаарлан ажиглаж байна.
ОХУ-аас “Уушгины хурц хатгаа” өвчин нь тахлын хэмжээнд биш” гэсэн албан бичиг ирсэн. Хилээр орж ирсэн иргэдээс декларац бөглүүлж, халууныг нь хэмжиж байгаа. Халуурсан иргэдийг хүлээж авах тусгаарлах байраа бэлдсэн” гэж тайлбарлалаа.
Түүнчлэн ЗӨСҮТ-ийн Захиргааны албаны дарга У.Нямжаргал иргэд сошиал мэдээнд хэт автаж, сандрахаа болих хэрэгтэй гэсэн юм. Тэрбээр хэлэхдээ “Манай байгууллага Эрхүүгийн Сибирь болон Алс Дорнодын тахалтай тэмцэх эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтын ажиллагаатай байдаг. Тус газраас “Тахал” биш шалтгаан тодорхойгүй “Уушгины хатгаа” гэдгийг баталсан. Тэгэхээр манайд энэ өвчин орж ирэх магадлал маш бага байна. Гэхдээ гэнэтийн тохиолдолд улсын хэмжээнд хүний нөөц, техник хэрэгсэл, оношлуур хангалттай сайн байгаа.
Иргэдийн хувьд сошиал мэдээнд хэт автаж, хий сандрахаа болих хэрэгтэй. Хүний аминд халтай, үхлийн аюултай вирус, тахлын тохиолдол батлагдаагүй.Ерөнхийдөө хүйтний улирал эхэлж буй тул тус улсад томуу, томуу төст өвчний тархалт өндөр байна” гэжээ.
