Гаалийн байгууллага карго ачаанаас 1.63 кг мансууруулах бодис илрүүллээ

2026-10-06 14:001min
20261006-140030-file.jpeg
Гаалийн байгууллага цахилгаан хяналт шалгалтын үеэр 961 кг карго ачаанаас хувцас дотор нуун далдалсан 1.63 кг метамфетамин илрүүлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Гаалийн байгууллага нь Тагнуулын болон Цагдаагийн байгууллагатай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байна.

2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр 961 кг жинтэй 21 боодол карго ачааг гаалийн хяналт шалгалтад оруулах явцад хувцас дотор нуун далдалсан 1.63 кг метамфетамин буюу “мөс” нэрээр нэрлэгддэг мансууруулах бодисыг илрүүлжээ.

Энэхүү үйлдлийг гаалийн байгууллага шуурхай илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн ажилласан байна.

Иргэн, аж ахуйн нэгжүүд бусдын нэрээр болон дайвар хэлбэрээр ачаа, карго тээвэрлэхдээ агуулга, аюулгүй байдлыг сайтар шалгахыг үүрэг болгож, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээс сэрэмжлэхийг анхааруулж байна.