Улсын хэмжээнд 270 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулна

2026-10-04 14:001min
20261004-140022-file.jpeg
Улсын хэмжээнд 3, 6, 11, 15 настай нийт 270,689 хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт хамруулахаар зохион байгуулж эхэллээ. Үзлэг нь сайн дурын үндсэн дээр явна.

Улсын хэмжээнд цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн 270,689 хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт хамруулахаар зохион байгуулалт эхэллээ.

Энэ удаагийн үзлэгт 3, 6, 11, 15 настай хүүхдүүдийг хамруулах бөгөөд эдгээр үзлэгийг тухайн хүүхдийн сургууль, цэцэрлэг дээр зохион байгуулах юм. Үүнд 3 настай 53,598, 6 настай 75,838, 11 настай 74,751, 15 настай 66,502 хүүхэд багтах юм.

Үзлэгээр хүүхдийн нас, хөгжлийн онцлогоос хамааран өсөлт хөгжил, хараа, нурууны муруйлт, хавтгай тавхай, зүрхний цахилгаан бичлэг зэрэг үзүүлэлтүүдийг шалгана.

Мөн хөгжлийн хоцрогдол, аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг тандалтын аргаар илрүүлэх ба өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэхээр төлөвлөжээ.

Хэрэв үзлэгээр эмгэг буюу эрүүл мэндийн асуудал илэрвэл тухайн хүүхдийг шаардлагатай тусламж, үйлчилгээнд холбон, цаашид эмчилгээ болон хяналтад хамруулах ажлыг зохион байгуулна.

Цаашид энэ төрлийн эрт илрүүлгийн үзлэгийг 3, 6, 11, 15 насны хүүхдүүдэд жил бүр тогтмол явуулах бөгөөд уг үзлэг нь сайн дурын үндсэн дээр хийгдэж, эцэг эх, асран хамгаалагч болон суралцагчийн зөвшөөрөлгүйгээр хийгдэхгүй юм.