Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулах талаар Харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) 2026 оны аравдугаар сарын 2-нд гарын үсэг зурлаа.
Санамж бичигт Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, FIFA-гийн Гишүүн холбоодыг хариуцсан ерөнхий захирал Элхан Маммадов, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар нар гарын үсэг зурсан бөгөөд уг ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон FIFA-гийн Ерөнхийлөгч Жианни Инфантино нар оролцсон юм.
Санамж бичгийн дагуу FIFA нь цэнгэлдэх хүрээлэнгийн төлөвлөлт, барилга байгууламжид техникийн зөвлөгөө болон мэргэжлийн туслалцаа үзүүлэхээр бол Монгол Улсын Засгийн газар төслийг хэрэгжүүлэхэд холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ.
Энэхүү хамтын ажиллагаа Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, хүүхэд, залуучуудыг дэмжихийн зэрэгцээ олон улсын тэмцээн, уралдааныг эх орондоо зохион байгуулах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
