Ховдод олдсон нэн ховор хотон шувууны эд зүйлсийг хууль бусаар хадгалах, худалдаалахыг завдсан хэргээр шийтгэл оногдуулжээ

2026-09-26 12:001min
20260926-120022-file.jpeg
Ховд аймагт үхсэн нэн ховор Борцгор хотон шувууны толгой, хошууг олж, тээвэрлэн худалдаалахыг завдсан хэргээр иргэн Т-г 33,580,000 төгрөгөөр торгож, эрүүгийн хэрэг үүсгэж шийтгэжээ.

Иргэн М, эхнэр С-ийн хамтаар Ховд аймгийн Дөргөн нуурын эрэг дээр амраад буцах замдаа үхсэн хотон шувууны толгой, хошуу тасарсан хэсгийг олжээ. Тэд уг эд зүйлсийг аймгийн төвд гэртээ хадгалж, дараа нь Иргэн Т-д бэлэглэсэн байна.

Иргэн Т уг хотон шувууны махны хэсгийг авсны дараа цахим хуудсанд “Хотон шувууны хошуу зарна” хэмээх зар байршуулжээ. Энэ шувууны хэсгийг Ховдоос Сонгинохайрхан дүүрэг хүртэл тээвэрлэн, хоёр сарын хугацаанд гэртээ хадгалсан бөгөөд түүнийг худалдан борлуулахыг завдсан хэргээр гэм буруутайд тооцжээ.

Иргэн М шүүх хуралд мэдүүлэг өгөхдөө “Би эхнэр, 5 болон 6 настай хүүгийн хамт Дөргөн нуурын эрэг дээр амарсан. Буцах замдаа нуурын эрэг дээр үхсэн хотон шувууны толгой болон хошуу тасарсан байхыг олсон. Тэдгээрийг гэртээ хадгалж байгаад найз Т-д бэлэглэсэн. Толгой, хошуу нь эх биеэс салсан байдалтай байсан” гэж мэдүүлжээ.

Шүүх шинжилгээний дүгнэлтээр олдсон толгой, хошуу нь Хөвчтөний хүрээ, шувууны ангийн Борцгор хотон (Pelecanus crispus) шувууны эд зүйлстэй нийцэж байна гэж тогтоожээ.

Засгийн газрын 2023 оны долоодугаар сарын 5-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралтаар нэг ширхэг Борцог хотоны экологи-эдийн засгийн үнэлгээ 11,790,000 төгрөг байхаар тогтоогдсон юм.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 4.2 хэсэгт зааснаар амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээний торгуулийг оногдуулдаг бөгөөд Иргэн Т нийт 23,580,000 төгрөгийн торгууль төлжээ.

Мөн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нэн ховор амьтны түүхий эдийг тээвэрлэх, хадгалах, худалдаалахыг завдсан” гэмт хэрэгт буруутгагдан 10 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Эдгээр хуульд зааснаар ховор амьтныг хууль бусаар агнасан, хадгалсан, тээвэрлэсэн талаар хорих ял, мөнгөн торгууль ногдуулж болно.

Эх сурвалж нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр юм.