Өмнөговь Ханбогд суманд “Ханбогд марафон 2026” болно

2026-09-26 10:001min
20260926-100011-file.jpeg
Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс гарах "Ханбогд марафон 2026" нь 5, 10, 21 км зайтай, нийт 55.6 сая төгрөгийн шагналын сантай олон нийтийн арга хэмжээ юм.

Өмнөговь аймгийн Ханбогд суманд ирэх аравдугаар сарын 10-нд “Ханбогд марафон 2026” олон нийтийн марафон зохион байгуулагдана. Уг марафон нь 5, 10 болон 21 километрийн гүйлтийн зайтай бөгөөд нийт 55.6 сая төгрөгийн шагналын сантай юм.

Марафоныг Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, Рио Тинто Монгол, Оюу Толгой, Ханбогд хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сангийн дэмжлэгээр Элит гүйлтийн клуб зохион байгуулж байна.

Ханбогд хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сан сүүлийн жилүүдэд сумын дэд бүтцийн хөгжлийг дэмжиж, спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулжээ. Мөн Ханбогд сум нь нийт 25 км хатуу хучилттай авто замтай бөгөөд энэ үзүүлэлтээрээ улсын хамгийн урт хатуу хучилттай авто замтай сум болж байна.

Марафоны 5, 10 км-ийн гүйлт нь хатуу хучилттай авто замууд дээр, сумын төвийн гол гудамж болон олон нийтийн байгууламжуудаар дамжин олон нийтэд танилцуулах байдлаар явагдана. Гарцыг Галбын цэцэрлэгт хүрээлэнд бариулна. Харин 21 км буюу хагас марафоны гүйлт Дэмчогийн хийдийн авто замаар гүйхээр төлөвлөгдөж байна.

Гүйлтийн зам дагуу усны зогсоол, анхны тусламжийн цэгүүд ажиллах бөгөөд оролцогчдын аюулгүй байдлыг бүрэн хангахаар зохион байгуулагчид бэлтгэлээ базааж байна. Марафоны үеэр соёл, урлагийн тоглолтууд болон бүх насныханд зориулсан гэр бүлийн арга хэмжээ явагдах юм.