Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж, эмнэлэгт туулах чадвартай автомашин хүлээлгэн өглөө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт айлчилж, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хамт олонтой уулзлаа.
Тэрээр цар тахлын үед эрүүл мэндийг сахин хамгаалж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд ажилласан эмч, ажилчдын хувь нэмэр өндөр байсныг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв.
Бүсийн оношилгоо, эмчилгээний төв олон улсын стандартыг хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, судсан дотуурх оношилгоо, хавдар, дурангийн тусламж, гавал тархины мэс засал зэрэг нарийн мэргэжлийн тусламжуудыг нэмэгдүүлжээ.
Төв нь 467 ортой, 20 тасаг кабинеттай, 438 эмч, ажилчидтай бөгөөд 20 төрлийн нарийн мэргэжлийн эмч ажиллаж байна.
Ерөнхийлөгч Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд Зэрэг, Мөст, Үенч сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвартай, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглосон автомашин хүлээлгэн өглөө.
Мөн тэрээр Ховд дахь МУИС-ийн баруун бүсийн сургуулийн хамт олонтой уулзаж, тус сургууль 1979 онд Багшийн дээд сургууль нэртэйгээр үүсгэн байгуулагдсан, одоогоор 13 мянга гаруй хүн төгссөн болохыг тэмдэглэлээ.
Сургууль ирээдүйд эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээ хөгжүүлж, “Судалгааны их сургууль” болохыг зорьж байгаа юм.
