2026 оны ургац хураалтад 2,300 цэргийн алба хаагч, 500 гаруй оюутныг оролцуулахаар боллоо

2026-09-08 10:001min
20260908-100021-file.jpeg
2026 оны ургац хураалтад 2,300 цэргийн алба хаагч болон 500 гаруй оюутныг сайн дурын үндсэн дээр оролцуулах шийдвэр гаргаж, техник, шатахууны бэлэн байдлыг хангах, ургацын мэдээллийг шуурхай гаргах үүрэг өгсөн байна.

Улсын ургацын комиссын 2026 оны хуралдаан 9 дүгээр сарын 7-нд болж, ургац хураалтыг богино хугацаанд шуурхай зохион байгуулах, цаг агаарын эрсдэлээс хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэв.

Ургац хураалтад хүн хүчийг нэмэгдүүлэх үүднээс 2,300 цэргийн алба хаагч, 500 гаруй оюутныг сайн дурын үндсэн дээр оролцуулахаар төлөвлөжээ. Мөн техник болон шатахууны бэлэн байдлыг хангах, төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, тариалангийн бүс нутгийн зам, эрчим хүчний тасралтгүй байдлыг хангуулах үүрэг өгсөн байна.

Ургац хураалт, хадлан тэжээлд зориулан 12 мянган тонн шатахууны нөөцийг бүрдүүлж тасралтгүй хангах ажлыг зохион байгуулж байна.

Ургацыг мал, амьтнаас хамгаалах болон хураасан ургацын мэдээллийг үнэн зөв, шуурхай гаргах үүргийг орон нутгийн байгууллагуудад өгсөн байна. Цаг агаарын хүйтрэлтээс өмнө ургацыг технологийн шаардлагад нийцсэн хугацаанд бүрэн хураан авах чиглэлээр зохион байгуулалтыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ.

Энэ жилийн ургацын болц харьцангуй жигд байгаа хэдий ч ургац хураалт өмнөх жилүүдээс 5-10 хоногоор хойшлогдсон тул богино хугацаанд эрчимтэй ажиллах шаардлагатайг онцолсон байна.

2026 оны урьдчилсан ургацын балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаан буудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал хуримтлагдахаар төлөвлөгдсөн байна.

Эдгээрээс улаан буудай, төмсийг хэрэгцээнд 100 хувь, хүнсний ногоог 70 хувиар дотоодын ургацаас хангах боломжтой гэж үзжээ.

Улаан буудай, төмс, хүнсний ногооны хангамж, үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газар 2026 оны намрын ургацаас 100 мянган тонн улаан буудай, улсын хэмжээнд анх удаа 12 мянган тонн төмс, хүнсний ногооны нөөцийг бүрдүүлэхээр төсвийн тодотголд мөнгө төсөвлөсөн байна.

Үүнээс гадна гурилын үйлдвэрүүдэд улаан буудай худалдан авахад хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр төсвийн тодотголд өргөн мэдүүлжээ.

Улсын хэмжээнд 557.3 мянган тонн үр тариа хадгалах багтаамжтай элеваторууд байгаагийн 61.1 мянган тонн нь гурилын үйлдвэрүүд болон ХААК ТӨХХК-д хадгалагдаж байна.

Хөдөө аж ахуйн корпорац ТӨХХК нь 186.0 мянган тонн хүнсний буудай хадгалах хүчин чадалтай элеватортой бөгөөд элеваторын засвар үйлчилгээг хийж, буудай хүлээн авахад бэлэн байлгах ажил үргэлжилж байна. Мөн зарим элеваторуудыг гурилын үйлдвэрүүдэд түрээсээр ашиглуулах боломжийг бүрдүүлж байна гэж сайд Ц.Идэрбат мэдээллээ.