Монголын баг “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам”-д 17 медаль хүртэв

2026-09-04 15:001min
20260904-150043-file.jpeg
Киргиз улсад болж буй "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-д Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл, нийт 17 медаль хүртсэн байна.

Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагдаж буй “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам”-д Монголын баг тамирчид амжилттай оролцож, одоогоор 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл, нийт 17 медаль хүртээд байна.

Сээр хугалах, цохих багийн төрлийн тэмцээнд Монголын баг тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртжээ. Тус багийн бүрэлдэхүүнд Д.Лхагва-Очир, Х.Гочоосүрэн, Б.Мөнхбаяр, Т.Мөнх-Эрдэнэ, Ц.Бэгзсүрэн нар багтсан байна.

Бөхийн төрлүүдэд Монголын тамирчид хэд хэдэн медаль хүртсэн бөгөөд самбо бөхийн төрөлд +98 кг-ын жинд ОУХМ, улсын заан Б.Серик, -79 кг-ын жинд ОУХМ Н.Мөнхбаяр нар хүрэл медаль авсан байна.

Кыргыз кураш бөхийн төрөлд -60 кг-ын жинд самбо, жүдо бөхийн ОУХМ, Спортын дунд сургуулийн дасгалжуулагч Г.Мөнхбат, +100 кг-ын жинд жүдо бөхийн ОУХМ, “Хилчин” спорт хорооны спортын арга зүйч, аймгийн арслан Б.Бат-Орших нар хүрэл медаль хүртжээ.

Мөн морин дээрх барилдааны +100 кг-ын жинд Ш.Харжаубай хүрэл медаль авсан байна. Тэмцээн үргэлжилж байна.

Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам.