Төр эвтэй, төрийн өндөрлөгүүд нэг зүгт харж байна

Наадам дуусахтай зэрэгцэн АН амь орж, Засгийн газрыг огцруулах бичигт бүлгээрээ гарын үсэг зурсан гэсэн мэдээ түмэнд түгсэн. Түгсэн ч гэж дээ түгээсэн. Мөн Төсвийн тодотгол хийх, УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг шаардсан юм. Гэхдээ хэвлэлийнхэнд л ингэж мэдээлсэн болохоос албан ёсоор шаардлага өгөөгүй гэдгийг УИХ-ын дарга С.Бямбацогт хэлнэ лээ.
Намрын чуулган халуухан эхлэнэ, улс төрд намрын халуун өдрүүдийг эхлүүлнэ гэсэн АН-ынхан Засгийн газар огцруулах бичгээ бүү хэл ээлжит бус чуулган зарлах шаардлагаа ч албажуулаагүй шалтгаан юунд байв? Ч.Лодойсамбуугаас эхлээд АН дотроо гишүүд нь эсэргүүцэж, Олон улсын байдал ороо бусгаа байгаа энэ үед улс төр хийх нь зөв алхам биш гэсэн байдлаар намын даргаа шүүмжлэх болсон. АН-ын дарга болоод ч рейтинг нь өсөөгүй, эхний 10-т ч багтаж үзээгүй яваа О.Цогтгэрэл даргын хажууд Лодойсамбуу олонд танигдсан, рейтинг өндөртэй улс төрч. Ордны гадаа гараад улс төр хийгээд, ард иргэдтэй уулзаад явахад Лодойг сонсох уу, Тэсогийн эзнийг дагах уу гэдэг дэндүү тодорхой. Түүнээс ч болсон уу УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн хэлснээр УИХ дахь АН-ын бүлгийн “бүх гишүүн” гарын үсгээ зурсан Засгийн газрыг огцруулах албан бичиг амилж чадахгүйд хүрчээ. Өргөн барилаа ч амжилт олохгүй нь тодорхой хийгээд ийм цаг үед улс төржлөө гэсэн шүүмжлэл дагасан хасах оноо ард иргэдээс ирэхээр байгаа учраас АН ацан шалаанд орсон гэнэ.
2027 оны сонгууль хаяанд ирсэн. Тиймээс МАН ерөнхийлөгчийн сонгуулийг авах том зорилго дээрээ нэгдэн, дотоод эв нэгдлээ хангахаар тохирсон нь ч бас АН-ынхныг харзнахад хүргэжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх ажлыг экс спикер Д.Амарбаясгалан удирдахаар болсон гэсэн яриа сонсогдоод удаж буй. Энэ бүхнээс харахад МАН-ын хагарсан талууд ямартай ч эв нэгдэлтэй хэвээрээ байгаа бөгөөд ЗГ-ыг огцруулах бичиг орж ирвэл хамгаалаад үлдэхээр тохирсон сурагтай. Бүлгийн гишүүдээс гадна Засгийн газрын хамгийн том хамгаалалт бол Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр гэнэ. Их тэнгэрийн хөршүүд болох Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нар тун ойрхон, амь нэгтэй байгаа гэлцэнэ.
Ерөнхийлөгчийн хувьд Н.Учралын бат ар тал. Тэгвэл УИХ-ын дарга ч Ерөнхий сайд Н.Учралтай нэг баг. Төсвийн тодотголоос эхлээд санаачилсан хуулиудаа Засгийн газар УИХ-д ногоон гэрлээр өргөн барьж, УИХ-ын дарга шөнө нь гадаад айлчлалаас ирэнгүүтээ өглөө нь Төсвийн хуулийн төслийг өөрийн биеэр хүлээн авч байгаа нь харилцаа хэр ойрхон байгаагийн нэг илрэл.
Төрийн ордны “тамхины цэгийн мэдээ”-нээс хальт сонирхуулахад “01, 02 хоёрын хувьд Н.Учралыг огцруулах байтугай огцруулахын О үсэг ч сонсохыг хүсэхгүй байгаа гэнэ. Тэд бол намынхаа төдийгүй өөр бусад намын УИХ-ын гишүүдэд ч нөлөөлөх хүчтэй кадрууд. Тиймээс АН-ын “намрын халуун өдрүүд” үүлс мэт салхинд сарнин одоход хүрчээ.
