Монгол Улсад бүртгэгдээгүй эмийн бүтээгдэхүүнтэй зорчигчдын тээшнээс тариа илэрчээ

Чингис хаан олон улсын нисэх буудлын Гаалийн газарт 2026 оны наймдугаар сарын 18-ны өдөр Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Монгол Улсын гурван иргэний тээшнээс гаалийн мэдүүлэгт оруулаагүй эм, эмийн бүтээгдэхүүн илэрлээ.
Гаалийн шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, тусгай зөвшөөрөл шаардагдах “Монжура” нэрийн 2.5 мг, 5 мг, 7.5 мг-ийн нийт 1,483 ширхэг тариа илрүүлсэн бөгөөд эдгээрийг саатуулан холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг худалдах, ханган нийлүүлэх, арилжааны зорилгоор импортлох нь хатуу зохицуулалттай бөгөөд үүнийг зорчигчдын хувийн хэрэглээнд зориулж хилээр нэвтрүүлэхээс ялгаатай гэж хуульд заасан байна.
Тодруулбал, бүртгэлгүй эмийг ердийн импортын журмаар оруулах боломжгүй бөгөөд тусгай нөхцөл, шаардлагыг хангаж, холбогдох зөвшөөрлийг авсан тохиолдолд импортлох эрхтэй.
Иймээс гадаадаас эм, эмийн бүтээгдэхүүн авч ирэх иргэд тухайн бүтээгдэхүүн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эсэх, улсын хилээр нэвтрүүлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, бусад журам, дүрмүүдийг урьдчилан шалгаж, гаалийн байгууллагад зохих журмын дагуу мэдүүлэхийг анхааруулж байна.
