Монгол, Израил усны менежмент, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026-08-23 19:001min
20260823-190036-file.jpeg
Монгол Улс COP17-ын үеэр Израилийн “MASHAV” байгууллагатай усны менежмент, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ амжилттай үргэлжилж байна. Хуралд оролцогч улс орон, олон улсын байгууллагууд газрын доройтол, цөлжилт, ган, усны хомсдол болон уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг даван туулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Израил улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага “MASHAV”-ын Ерөнхий захирал Эйнат Шлейн болон бусад албаны төлөөлөгчидтэй уулзлаа. “MASHAV” нь 1958 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 140 орчим улсад үйл ажиллагаа явуулж, 350 мянга гаруй мэргэжилтнийг сургалт, чадавхжуулах хөтөлбөрт хамруулсан байгууллага юм.

Уулзалтаар Монгол Улс COP17-ын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө”-г олон улсад танилцуулж, тал хээрийн экосистемийг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, тогтвортой ашиглалтыг дэмжих зорилгоор олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээ мэдэгдэв. Мөн гадаргын усыг хуримтлуулах, экосистемийн тэнцвэрийг хадгалах, гүний усны хэрэглээг бууруулах “333 нуур-сум” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн талаар мэдээллээ.

Эйнат Шлейн Монгол Улсад COP17-ыг амжилттай зохион байгуулж буйд талархаж, цөлжилт, газрын доройтол, ган, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх бодлогын шийдвэрүүд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “MASHAV”-ын усны менежмент, усалгааны технологи, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтойг тэмдэглэв.

Уулзалтын үеэр талууд усны нөөцийн зохистой менежмент, усалгааны технологи, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх, мэргэжилтнүүдийг сургалт, туршлага солилцооны хөтөлбөрт хамруулах, хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, цөлжилт, гангийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хамтын ажиллагааг үе шаттай өргөжүүлэхээр тохиролцлоо.

Монгол Улс COP17-ыг зохион байгуулснаар газрын доройтол, цөлжилттэй тэмцэх асуудалд олон улсын анхаарлыг хандуулахын зэрэгцээ бодит шийдэл, мэдлэг, технологи, хөрөнгө оруулалт, түншлэлийг нэгтгэсэн урт хугацааны хамтын ажиллагааны шинэ боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Израилын “MASHAV” байгууллагын туршлага нь Монгол Улсын усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилт, гангийн эрсдэлийг бууруулах бодлоготой уялдаж байна.