Монголын 1,000 тогооч хорхог хийж Гиннесийн дээд амжилт тогтоов

2026-08-23 15:001min
20260823-150043-file.jpeg
Налайх дүүрэгт 1,000 тогооч нэгэн зэрэг хорхог хийж, Монголын уламжлалт хоолыг дэлхийд сурталчлах зорилгоор Guinness World Records-д бүртгүүллээ.

Монголын уламжлалт хүндэтгэлийн зоог болох хорхгийг дэлхийд сурталчлах зорилгоор 1,000 тогооч нэгэн зэрэг хорхог хийж, Guinness World Records-д бүртгүүлэх арга хэмжээ Налайх дүүргийн Тайж хайрханд зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээ нь наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд болсон “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд явагдсан юм.

Монголын Тогооч нарын холбооноос хорхгийг Guinness World Records-д бүртгүүлэх санаачилгыг анх гаргаснаас хойш 10 орчим жил өнгөрчээ. Энэ жил уг санаачилгыг бодитоор хэрэгжүүлж, 1,000 тогооч нэгэн зэрэг хорхог бэлтгэн “хамгийн олон хүн нэгэн зэрэг хорхог бэлтгэсэн” ангиллаар дэлхийн дээд амжилт тогтоохоор оролцсон байна.

Guinness World Records-ийн олон улсын шүүгчид арга хэмжээнд оролцож, рекордын шаардлагыг шалгасан тухай зохион байгуулагчид мэдээлэв.

Хорхог нь хонь, ямааны махыг галд улайсгасан чулуугаар битүү жигнэж бэлтгэдэг Монголын уламжлалт хоол бөгөөд зөвхөн өдөр тутмын хоол биш, зочин гийчин хүндэтгэн дайлдаг үндэсний зоог юм.

Энэхүү арга хэмжээ нь Монголын үндэсний хоол, нүүдэлчин ахуй, уламжлалт хоол хүнсний соёлыг олон улсад сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх зорилготой юм.