Мүн Жэ Ин Монголд айлчилж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын бага хуралд оролцоно

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин наймдугаар сарын 23-нд Монгол Улсад айлчилж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцоно гэж Солонгосын хэвлэлүүд мэдээлэв.
Тэрээр наймдугаар сарын 23-ны өдөр Монголд ирж, наймдугаар сарын 31 хүртэл есөн хоногийн хугацаанд байхаар төлөвлөсөн бөгөөд наймдугаар сарын 24-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын нээлтийн үеэр тусгай илтгэл тавина.
Мөн наймдугаар сарын 26-нд Peace Forest Initiative (PEI)-ийн өндөр түвшний дугуй ширээний уулзалтад үндсэн илтгэгчээр оролцох юм. Peace Forest Initiative нь 2019 онд Өмнөд Солонгосын Засгийн газар болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын хамтын санаачилгаар байгуулагдсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг дэмжих зорилготой.
Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 хурлыг Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд хурлаар цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг хэлэлцэн, газрын нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх олон улсын хамтын ажиллагааны шийдлүүдийг эрэлхийлж байна.
Мүн Жэ Иний Монголд хийх айлчлал нь түүнийг 2022 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгснөөс хойшхи хоёр дахь албан ёсны гадаад айлчлал бөгөөд тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын байгууллагын урилгаар ирж байгаа юм.
Түүний ажлын албаны мэдээлснээр Мүн Жэ Ин Монголд байх хугацаандаа Солонгос, Монголын ойн хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжилттэй танилцахаар төлөвлөжээ.
Мөн тэрээр COP17-ийн үеэр Финландын Ерөнхийлөгч асан Тарья Халонен, Коста Рикагийн Ерөнхийлөгч асан Карлос Альварадо Кесада зэрэг улс төрийн зүтгэлтнүүдтэй уулзахаар төлөвлөж байна.
