Монгол Улс цөлжилтийн эсрэг “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монгол Улсын цөлжилтийн эсрэг үйл ажиллагааг танилцууллаа.
Тэрбээр дэлхийн 197 орны 13 мянган төлөөлөгч оролцсон COP17 хурлын хүрээнд цөлжилтийн эсрэг хамтын ажиллагаа, хандлагын талаар онцолж, Монгол Улсын ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй “Нутагтаа эзэн 100:1000” төслийг танилцуулсан юм.
Мал аж ахуйн салбарт тулгамдаж буй цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт, отор нүүдэл, малын халдварт өвчин, бэлчээрийн доройтол зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор 17 аймгийн 24 сумын 24 багт 778 өрх гурван төрлийн ногоон тэжээл тариалж байна.
Төслийн дунд хугацааны зорилт нь 1000 багт 100,000 га талбайд тэжээл тариалах бөгөөд үүний үр дүнд малчид тогтвортой амьдрах, орлого нэмэгдэх, ган зудыг даван туулах чадавх сайжрах, малын халдварт өвчин буурах, бэлчээрийн ашиглалтыг зохистой болгох зэрэг үр дүнтэй байхыг зорьж байна.
Монгол Улсын газар нутгийн 76 хувь нь бэлчээрийн доройтолд орсон бөгөөд 2023 оны судалгаагаар олон гол, булаг ширгэж, агаарын дундаж хэм сүүлийн 70 жилд 2.4 градусаар нэмэгдсэн байна.
2023-2024 онд нүүрлэсэн төмөр зудын улмаас 9.4 сая толгой мал хорогдож, 8.7 их наяд төгрөгийн хохирол учирсан бөгөөд зудын эрсдэлийг бууруулахад 73.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Мөн сүүлийн 30 жилд 728.3 мянган хүн Улаанбаатар хотод шилжин суурьшсан нь уур амьсгалын өөрчлөлт, зудын нөлөөгөөр 25 хувиар нэмэгдсэн гэж судалгаа үзүүлжээ.
COP17 бага хурлын Монгол Улсын павильонд ХХААХҮЯ-наас зохион байгуулсан хэлэлцүүлэгт төслийн ач холбогдол, үр дүн, малчид болон газар тариалангийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.
