COP17-ын гурав дахь өдөр Монгол-Хятадын хамтын ажиллагааны төслүүдийг танилцууллаа

2026-08-20 08:001min
20260820-080028-file.jpeg
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын COP17 бага хурлын гурав дахь өдөр Монгол, Хятадын хамтын ажиллагааны хүрээнд цөлжилттэй тэмцэх, экологийн нөхөн сэргээлтийн төсөл, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэв.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын гурав дахь өдөр “Тэрбум модны хөдөлгөөн: Монгол–Хятадын хамтын ажиллагаа” арга хэмжээнд оролцлоо.

Уулзалтад Хятадын талаас цөлжилттэй тэмцэх, экологийн нөхөн сэргээлт, элс тогтоох технологи, ус хэмнэлттэй усалгаа, ногоон байгууламж, биоинженеринг, шинэ материал, хөдөө аж ахуй, ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг мэргэжлийн холбоо, судалгааны байгууллага, сан, аж ахуйн нэгжийн удирдлага, эрдэмтэн, инженерүүд оролцов.

УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэнгийн зөвлөх Э.Загдсүрэн Гурвансайхан сумын хот байгуулалт, ногоон төлөвлөлт болон тулгамдаж буй асуудлуудыг танилцууллаа. Түүнчлэн Дундговь аймгийн цөлжилт, газрын доройтол, усны хомсдолын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Цөлийн хөгжил” төслийг танилцуулж, технологи, хөрөнгө оруулалт, туршилт, үзүүлэх төслийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Хятадын цөлжилттэй тэмцэх, экологийн нөхөн сэргээлтийн чиглэлийн мэргэжилтнүүд маргааш Гурвансайхан суманд ажиллаж, орон нутгийн хөрс, ус, ургамал, байгаль, цаг уурын нөхцөл болон ногоон төлөвлөлттэй газар дээр нь танилцахаар боллоо. Энэ нь говийн нөхцөлд тохирсон бодит төсөл, технологийн шийдэл, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эхлүүлэх чухал алхам гэж үзэж байна.

Мөн “Чингис хаан” баялгийн сангийн хэлэлцүүлэгт оролцож, уул уурхайн нөхөн сэргээлт, говийн нөхцөлд мод тарих, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хөв цөөрөм байгуулах асуудлаар ярилцлаа. Хэлэлцүүлгийн үр дүнд “Эрдэнэс Алт” ХХК Дэрэн сумын нутаг дэвсгэрт хөв цөөрөм байгуулах ажлыг хэрэгжүүлэхээр боллоо.

COP17-ын индрээс зөвхөн асуудлаа хэлэлцэхээс гадна Дундговь аймагт хэрэгжих бодит төсөл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг эхлүүлэх нь гол зорилго юм.