Улаанбаатар хотод өргөн хэрэглээний барааны үнэ буурчээ

Үндэсний статистикийн хорооноос нийслэл болон орон нутагт худалдаалагдаж буй гол нэрийн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг долоо хоног бүр танилцуулдаг.
2024 оны энэ сарын 17-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод өргөн хэрэглээний барааны дундаж үнэ өмнөх долоо хоногоос 1.6 хувь, өмнөх сарынхаас 3.5 хувиар буурсан байна.
Үнийн өөрчлөлтөд хонины ястай мах килограмм нь 27,063 төгрөгөөс 26,152 төгрөг болж нэг хувиар, үхрийн цул мах 36,611 төгрөгөөс буурчээ. Үхрийн ястай мах килограмм нь 32,230 төгрөгөөс 31,680 төгрөг болж 1.7 хувиар хямдарсан байна.
Хүнсний ногооны хувьд дотоодын үйлдвэрлэлийн төмс килограмм нь 10.6 хувиар буурч, 2,883 төгрөгөөс 2,577 төгрөг болсон байна.
Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногийн түвшинд тогтвортой байжээ.
Орон нутгийн зах зээлд гол нэрийн барааны үнийн хөдөлгөөн харилцан адилгүй байна. Аймгуудад гурил, элсэн чихэр, дизель түлш, АИ-92 автобензин, цагаан будааны үнэ тодорхой хэмжээгээр өссөн бол мах махан бүтээгдэхүүн, сүүний үнэ өмнөх долоо хоногоос бага зэрэг буурсан байна.
Үхрийн мах 25,825 төгрөг, хонины мах 21,455 төгрөг, ямааны мах 18,677 төгрөг болж буурсан үзүүлэлттэй байна.
Дизель түлш литр тутамдаа 0.6 хувиар, АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 6.4 хувиар өссөн байна.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоо руу шилжихийн хэрээр нефтийн бүтээгдэхүүний үнийг даган гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байгаа ч одоогоор зах зээл дээр үнийн бууралт болон тогтворжилт үргэлжилж байна.
