Нийслэлийн 149-р сургуульд нарны эрчим хүчний систем суурилууллаа

Нийслэлийн ерөнхий боловсролын 149-р сургууль, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Мейк Валью” ХХК хамтран нарны эрчим хүчний систем суурилуулж, түрээслүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус сургуулийн цахилгааны жилийн зардал нь 50 гаруй сая төгрөг бөгөөд үүнийг дүүргийн төсвөөс санхүүжүүлдэг байна.
Нарны эрчим хүч ашигласнаар сургуулийн урсгал зардал буурч, нийслэлийн цахилгааны ачааллыг багасгах боломжтой болжээ.
Энэхүү систем нь хотын агаарын чанарыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, нийгмийн дэд бүтцийн байгууллагуудын цахилгааны зардлыг бууруулах ач холбогдолтой юм.
Япон, Монгол Улсын Засгийн газар хоорондын “Уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах Хамтарсан Кредит Олгох Механизм”-ийг хэрэгжүүлэх хүрээнд энэхүү төсөл хэрэгжиж байна.
Төслийн үр дүнд сургууль нарны эрчим хүчийг ашигласнаар төвийн цахилгаан сүлжээнээс авах цахилгааны ачаалал буурч, нарны хавтан болон батарей хуримтлуурын системийг хослуулан суурилуулснаар цахилгаан тасалдал, хэлбэлзэлтэй үед сургалтын үйл ажиллагаа тасрахгүй байх нөхцөл бүрдэнэ.
Мөн нүүрсээр ажилладаг цахилгаан станцын ачааллыг бууруулж, сургуулийн орчинд ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээг багасгахад хувь нэмэр оруулна.
Үүнээс гадна сурагчид, хүүхэд залуучуудад ногоон эрчим хүчний бодит жишээ болон экологийн боловсрол олгох боломж бүрдэнэ.
