ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ

2026–2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ. Бүртгэлийг 2025 оны наймдугаар сарын 17-ны 09:00 цагаас наймдугаар сарын 28-ны 23:59 цаг хүртэл “E-Mongolia” цахим системээр зохион байгуулна.
Энэ жил 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс арван хоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн, 6 настай хүүхдүүд нэгдүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдах боломжтой юм. Улсын хэмжээнд нийт 75,838 сурагч нэгдүгээр ангид элсэхээр төлөвлөгдсөн бөгөөд үүнээс 37,926 нь нийслэлд, 37,912 нь орон нутагт суралцах тооцоо гарчээ.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ нэгдүгээр ангид элсүүлэхдээ өөрийн болон хүүхдийн оршин суугаа газрын хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх шаардлагатай. Хэрэв түр оршин суугаа хаягтай бол амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн хийлгэх ёстой.
Мөн хамран сургах тойргийн төрийн өмчийн сургуулийн элсэлтийн комисст хандаж, элсэлттэй холбоотой мэдээллийг “E-Mongolia” систем, parent.edu.mn цахим хуудас, Төрийн үйлчилгээний иргэд, олон нийттэй харилцах төвийн 11-11 утас, Боловсролын ерөнхий газрын 70140069 дугаар, аймаг, нийслэлийн боловсролын газруудын утсаар авах боломжтой.
