Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх тоног төхөөрөмжийг эмнэлгүүдэд хүлээлгэн өглөө

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) болон Япон Улсын дэмжлэгээр умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх тоног төхөөрөмж, шинжилгээний урвалжийг Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.
Умайн хүзүүний хорт хавдар нь урьдчилан сэргийлэх боломжтой өвчин боловч Монгол Улсад эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чухал асуудал хэвээр байна. 2024 онд 521 эмэгтэй шинээр оношлогдож, 167 эмэгтэй уг өвчний улмаас нас барсан статистик мэдээлэл байна.
Эрүүл Мэндийн Яамнаас умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад энэхүү тоног төхөөрөмж, урвалжийн хүлээлгэн өгөх нь чухал ач холбогдолтойг онцлов.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Япон Улс, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн Сан болон бусад түнш байгууллагуудад талархал илэрхийллээ.
Монгол Улс умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилтын хүрээнд HPV вакцинжуулалтыг үндэсний хэмжээнд нэвтрүүлж, товлолт вакцины жагсаалтад оруулсан байна. Мөн 2026 он гэхэд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 742 эмч, эрүүл мэндийн ажилтныг HPV ДНХ шинжилгээ, оношилгоо болон хавдрын урьдал эмгэгийн эмчилгээний чиглэлээр сургах төлөвлөгөөтэй байна.
HPV ДНХ шинжилгээ нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй хүний папиллома вирусийн халдварыг эрт илрүүлж, эрсдэлтэй эмэгтэйчүүдийг цаг алдалгүй оношилгоо, эмчилгээ, хяналтад хамруулах боломжийг бүрдүүлнэ.
