Улаанбаатар хотод дэлхийн бэлчээрийн мал аж ахуйн чуулган болно

2026-08-14 08:001min
20260814-080030-file.jpeg
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган 2024 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд Монгол Улсын санаачилгаар 2026 он "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарлагдсан.

Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган, бага хурал 2024 оны наймдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Монгол Улсын санаачилгаар 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарлах НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол батлагдсан бөгөөд дэлхийн 102 гаруй улс, 550 гаруй байгууллага дэмжин нэгдсэн байна.

Олон улсын жилийн албан ёсны нээлт 2025 оны арванхоёрдугаар сард Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон юм. Тэрбээр энэхүү санаачилга нь дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, экосистемийн тэнцвэрийг хадгалах, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг дэмжих, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн үнэлэмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон.

Чуулганыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж, дэлхийн 102 орны нүүдэлчид, иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургуулиудын төлөөлөгч зэрэг 240 гаруй гадаадын зочин, Монгол Улсаас 100 малчин оролцох юм. Нээлтийн ажиллагаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга Ясмин Фуад, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд захирал Тханават Тиенсин, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиерден нар оролцоно.

Чуулганыг угтан наймдугаар сарын 9-нөөс эхлэн Хэнтий, Говьсүмбэр, Баянхонгор, Архангай, Булган, Сэлэнгэ аймгийн сумдад хээрийн хэлэлцүүлэг зохион байгуулж, батлах тунхаглалын төслүүдийг хэлэлцэн оролцогчдын санал, зөвлөмжийг нэгтгэж байна. Дэлхийн нийт газар нутгийн талаас илүү хувийг бэлчээр эзэлдэг бөгөөд 200 гаруй сая хүн нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг. Уламжлалт нүүдлийн мал аж ахуй нь дэлхийн эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд чухал хувь нэмэр оруулдаг.

Гэвч сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, газар ашиглалт, зах зээл, нийгмийн үйлчилгээнээс алслагдах зэрэг сорилтууд тулгарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” зэрэг үндэсний хөдөлгөөнийг санаачлан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн тогтолцоог хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, малын түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлж байна.