Шатахууны олголтын хязгаарлалт наймдугаар сарын 15-наас зогсоно

2026-08-13 11:001min
20260813-110039-file.jpeg
Шатахууны нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нэг машинд олгох шатахууны дээд хязгаар болон автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор олгох зохицуулалтыг наймдугаар сарын 15-наас зогсоохоор болжээ.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх шуурхай штабын ээлжит хурал болж, өнгөрсөн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотын 144 шатахуун түгээх станцад 1,200 тонн АИ-92 автобензин, орон нутгийн 82 шатахуун түгээх станцад 900 орчим тонн АИ-92 автобензин хүргэгдсэн байна. Энэ нь Монгол Улсын нэг өдрийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ юм.

Мөн ОХУ-аас Монгол Улсыг чиглэн нийт 180 вагон буюу 11,000 тонн АИ-92 шатахуун замд явж байгаа бөгөөд амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод ирэх төлөвлөгөөтэй байна. Иймд шатахууны хүртээмжийг нэмэгдүүлэх, шатахуун түгээх станцуудын ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 15-наас эхлэн нэг машинд 50,000 төгрөг хүртэлх шатахуун олгох, автомашины улсын дугаарын сүүлийн оронгийн тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалтыг зогсоохоор болжээ.

Өнөөдөр орой Улаанбаатар хотод 1,200 тонн АИ-92 автобензин ирж, шатахуун түгээх станцууд руу шуурхай хүргэх ажлыг зохион байгуулж байна.

ТС-1 буюу онгоцны түлшний хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд БНХАУ-аас 3,000 тонн онгоцны түлш авах гэрээ хийгдэж, эхний 1,000 тонн түлшийг хүлээн авсан бөгөөд үлдсэн 2,000 тонн ойрын хугацаанд ирэх юм. Мөн БНСУ-аас Евро-5 стандартын шатахуун худалдан авах гэрээ хийгдсэн байна.

Монгол Улсын нэг сарын дундаж хэрэглээ 60-70 мянган тонн гэж тооцвол, энэ наймдугаар сард ОХУ-аас 50,000 тонн АИ-92, 15,000 тонн АИ-95, нэмэлтээр 25,000 тонн АИ-92 болон 5,000 тонн ТС-1 төрлийн шатахууныг татан авах бөгөөд БНХАУ, БНСУ-аас шатахуун авах гэрээ хийгдсэнээр газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.