Нийслэл скүүтер, мопедын үйлчилгээг дахин эхлүүлэх үүрэг өглөө

2026-08-04 12:061min
20260804-120558-file.jpeg
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Цагдаагийн ерөнхий газарт мопед, скүүтерийн хэрэглээг буцаан эхлүүлэх үүрэг өгсөн байна. Одоогоор энэ төрлийн үйлчилгээ зогсонги байдалтай байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн 2026 оны 8 дугаар сарын 3-нд болж, хотын дарга Б.Пүрэвдагва Цагдаагийн ерөнхий газарт мопед, скүүтерийн хэрэглээг буцаан эхлүүлэх талаар албан бичиг хүргүүлэх үүрэг өгсөн байна.

Тухайн үеийн Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387, А/552 дугаар захирамжаар нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг хязгаарлалттайгаар оролцуулах, зөвшөөрөл олгох зохицуулалт хийж байжээ.

Гэвч Авлигатай тэмцэх газраас энэхүү захирамжийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх шаардлагатай гэж үзэн, 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг даргад албан бичиг илгээсэн байна.

Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/820 дугаар захирамжаар өмнөх А/387, А/552 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, мопед, скүүтер болон түүнтэй адилтгах тээврийн хэрэгслийг хязгаарлалттайгаар оролцуулах, зөвшөөрөл олгохыг түр зогсоосон юм.

Иймээс одоогоор скүүтер, мопедын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байгаа бөгөөд энэ төрлийн үйлчилгээ зогсонги байдалтай байна.