“Смарт Сэлбэ сити” төслийн бүтээн байгуулалтын явц, үнийн зохицуулалтын чиглэлүүд

2026-07-29 09:001min
20260729-090037-file.jpeg
"Смарт Сэлбэ сити" төслийн бүтээн байгуулалтын явц 36.7 хувьтай үргэлжилж байна. Ерөнхий сайд Н.Учрал мкв-ийн үнийг бууруулах, борлуулалтын олон төрөлт схем боловсруулах зэрэг үүрэг даалгавар өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн бүтээн байгуулалтын явцтай 2026 оны долоодугаар сарын 28-нд танилцав.

Төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нийт 158 га газарт хэрэгжүүлж байна.

“Смарт сэлбэ сити” нь орчин үеийн ухаалаг хотын зарчмаар төлөвлөгдсөн бөгөөд 113 блок, 8,575 айлын орон сууц, 5,780 суудалтай 5 сургууль, 1,520 суудалтай 8 цэцэрлэг, 4 өрхийн эмнэлэг, соёл, спортын цогцолбор, гал унтраах анги зэрэг байгууламжийг багтаана.

Бүтээн байгуулалтад 7 ерөнхий гүйцэтгэгч ажиллаж, зарим хэсэгт 9 болон 12 давхрын угсралт дуусаж, цонх суурилуулж эхэлсэн байна. Барилгын талбайд өдөрт дунджаар 1,700 инженер техникийн ажилтан, 70-80 машин механизм ажиллаж, бараа материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд байна. Газар чөлөөлөлт 96 хувьтай байна.

Бүтээн байгуулалтын явц 36.7 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 2027 онд орон сууцны хэсэг, 2029 онд олон нийтийн үйлчилгээний бүсийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, олон нийтийн бүсэд аж ахуйн нэгжүүдийн оролцоог дэмжих бодлого баримтална.

Ерөнхий сайд Н.Учрал төслийн ажлыг эрчимжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд холбогдох байгууллагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд: мкв-ийн үнийг бууруулах, зорилтот бүлэгт хүрэх үнийн түвшинг Засгийн газрын хуралдаанд танилцуулах; борлуулалтын олон төрөлт схем, загвар боловсруулах, үүнд ипотекийн зээл, түрээсээр өмчлөх, хамтын өмчлөлийн хэлбэрийг тусгах; төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөнгөлөлттэй нөхцөлүүдийг тэргүүлэх чиглэл болгох; Засгийн газраас Сэндбоксийн журмыг баталж, ухаалаг шийдлийг саадгүй нэвтрүүлэх; эдийн засгийн тусгай бүс болгон хувийн хэвшлийг дэмжих зэрэг асуудлууд багтаж байна.

Төслийн бүрэн хэрэгжилтээр Монгол Улсын ДНБ-д 2.5 их наяд төгрөгийн нэмэлт өгөөж бий болох урьдчилсан тооцоо гарчээ. Бүтээн байгуулалтын үр дүнд 45 мянган иргэн орон сууцанд орж, орон сууцны жилийн эрэлтийн 42 хувийг хангах боломжтой болно. Мөн 16 мянган ажлын байр бий болж, 15,600 янданг буулгаж, нүүрсний хэрэглээг жилд 7,500 тонн бууруулах тооцоо гарсан байна. Нүхэн жорлон 12,000-аар багасч, хөрс, агаарын бохирдол 6 хувиар буурах бөгөөд автомашины хөдөлгөөний ачаалал багасна.

2024 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийг Ерөнхий сайд Н.Учрал ахалж батлуулсан бөгөөд энэ хууль нь хотыг мэдээллийн технологид суурилсан, ухаалаг, ил тод, иргэдийн оролцоог хангах орчин үеийн байдлаар хөгжүүлэх боломжийг нээсэн юм.

“Сэлбэ смарт сити” төсөл нь дээрх хууль эрх зүйн орчныг тусгасан бөгөөд хот төлөвлөлтийн шинэ үеийн загварыг тодорхойлж, иргэдийн өдөр тутмын хэрэгцээг 20 минутын дотор хүртээмжтэй, ухаалаг, тогтвортой орчинд шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн иж бүрэн хотын бүтээн байгуулалт юм.