Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлээ

Монголын анхны төрт улс болох Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэлээ. Энэхүү шийдвэрийг БНСУ-ын Пусан хотноо энэ сарын 19-29-нд зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганы үеэр баталгаажуулсан байна.
Дэлхийн өвийн конвенцын дагуу соёлын болон байгалийн өвийг жагсаалтад бүртгүүлэхийн тулд хүн төрөлхтний хувьд хосгүй үнэ цэнтэй байх шаардлагатай бөгөөд ЮНЕСКО-гийн тогтоосон 10 шалгуурын дор хаяж нэгийг хангаж, жинхэнэ болон бүрэн бүтэн байдлаа хадгалсан байх ёстой юм.
Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор нь Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Ноён уул, Баянцагаан дахь Чихэртийн зоо, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Дуурлиг нарс, Архангайн Хайрхан сумын “Гол мод-1”, Өндөр-Улаан сумын “Гол мод-2”, Ховд аймгийн Манхан сум дахь Тахилтын хотгор зэрэг дурсгалт газруудыг багтаасан байна.
Эдгээр дурсгалуудыг багтаасан цогц судалгааг “Чингис хаан” үндэсний музейн төслийн хүрээнд олон жилийн археологийн малтлага, эрдэм шинжилгээний ажлын үр дүнд гүйцэтгэсэн бөгөөд энэ нь Хүннүгийн эзэнт гүрний түүх, соёлын үнэ цэнийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх нөхцлийг бүрдүүлжээ.
Өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт оршиж байсан Хүннүгийн эзэнт гүрэн нь Төв Азийн болон дэлхийн түүхэнд гүнзгий ул мөр үлдээсэн хүчирхэг төр улс байв. Түүний төр засаг, цэрэг, улс төр, эдийн засаг, соёлын систем нь хожмын нүүдэлчдийн соёл иргэншлийн үндсийг тавьсан гэж үздэг.
Чуулганы үеэр ажлын хэсгийн ахлагч, академич С.Чулуун “Хүннүгийн язгууртны дурсгалуудыг Дэлхийн өвд бүртгэснээр тус өвийг хүн төрөлхтний нийтлэг эрдэнэс хэмээн хүлээн зөвшөөрсөн төдийгүй Монголын анхны төрт улсын түүхийг олон улсад баталгаажуулсан түүхэн үйл явдал боллоо” гэж онцолсон.
Монгол Улс Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах конвенцод 1990 онд нэгдсэнээс хойш Увс нуурын ай сав газар (2003), Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004), Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011), Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015), Дагуурын ландшафт (2017), Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд (2023) гэсэн зургаан газрыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн байна.
