Хууль бус, хортой агуулгатай тэмцэх салбар дундын ажлын хэсэг байгуулагдлаа

2026-07-20 10:001min
20260720-100032-file.jpeg
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар хууль бус, хортой агуулгатай мэдээлэлтэй тэмцэх салбар дундын ажлын хэсэг байгуулагдаж, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр арга хэмжээ авч эхэллээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өргөтгөсөн ээлжит бус шуурхай хуралдаан өнөөдөр зохион байгуулагдлаа. Хуралдаанаар Үндэсний аюулгүй байдал, оюун санааны тусгаар тогтнол, дотоод аюулгүй байдлыг хангах хүрээнд телевиз, радио, хэвлэл мэдээлэл, цахим орчин, сошиал сүлжээнд тархаж буй хууль бус, хортой агуулгын нөхцөл байдлыг хэлэлцэж, төрийн байгууллагуудын хариу арга хэмжээний хүрээнд салбар дундын ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хэлэхдээ, үндэсний аюулгүй байдал нь зөвхөн газар нутаг, хил хязгаарын бүрэн бүтэн байдлаас гадна Монгол хүний үнэт зүйл, үндэсний ухамсар, төрдөө итгэх итгэл, нийгмийн эв нэгдэл, үр хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн тогтвортой байдлаас хамаардаг гэв. Иргэд төрдөө итгэхээ больж, гэр бүл задарч, хүүхэд, залуучууд хортой агуулгын нөлөөнд автаж, үндэсний өв соёл, үнэт зүйл доройтвол тусгаар тогтнолын дархлаа суларна гэж тэмдэглэв. Иймд мэдээллийн орчин, цахим орчны аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын бодлогын тэргүүлэх чиглэл болгон авч үзэх шаардлагатай гэж онцлов.

Салбар дундын ажлын хэсэг нь хүүхэд, залуучуудыг мэдээллийн хортой агуулгаас хамгаалах, оюун санааны тусгаар тогтнол, үндэсний дархлаа, өв соёл, уламжлалт үнэт зүйлийг хамгаалах, мөн гэр бүл болон төрийн оршихуйн баталгаа, хүний нэр төр, алдар хүндийг хамгаалж, хууль сахиулах байгууллагын нэр хүнд, төрийн институцийн дархлааг бэхжүүлэх үүрэгтэй юм.

Хуралдааны төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан тэмдэглэхдээ, хууль бус агуулгатай тэмцэх нэрийн дор иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, хэвлэн нийтлэх эрх болон хэвлэл мэдээллийн редакцын хараат бус байдалд халдаж болохгүй гэв. Төрийн зохицуулалт нь үзэл бодлыг хянах бус, харин хуульд хориглосон үйлдэл, гэмт хэрэг, зөрчил, хүүхдийн эрхэд халдсан агуулгыг илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, хууль зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох чиглэлтэй байх ёстойг онцлов. Мөн “хортой агуулга” гэсэн ерөнхий ойлголтыг иргэний шүүмжлэл, өөр байр суурь, хэвлэл мэдээллийн хууль ёсны үйл ажиллагааг хязгаарлах үндэслэл болгон ашиглаж болохгүйг санууллаа. Хязгаарлалт бүр хуульд тодорхой заасан үндэслэлтэй, зайлшгүй шаардлагатай, зорилгод нийцсэн, хүний эрхийн баталгааг хангахаар байх ёстойг дурдав.

Түүнчлэн хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал, хүүхэд хамгааллын шаардлага, насны баталгаажуулалт, эцэг эхийн хяналт, цахим платформын хариуцлага, төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах шаардлагатайг тэмдэглэв. Хуралдаанаар нөхцөл байдлыг бодит баримтад үндэслэн үнэлж, байгууллага бүрийн чиг үүргийг тодорхойлж, хэрэгжих боломжтой, хугацаа, хариуцах эзэн, үр дүнгийн шалгууртай арга хэмжээний төлөвлөгөө гаргахаар шийдвэрлэв.