Сумын начин Б.Цэнд: Цолны “найраа” нь бөхийн залуусын зоригийг мохоож байна

Сумын начин Б.Цэндийн ярьснаар, сумын заан цолны ханш өнгөрсөн жил 10 сая төгрөг байсан бөгөөд одоо өссөн байж магадгүй гэнэ. Тэрээр 2019 онд сумын наадамд барилдаж байхдаа нэгийн даваанд унасан үед “Ахын дүү дэмжүүлэх гэж байсан юм уу. Мөнгө байгаа юу” гэж асуусан тохиолдолтой учирсан байна. Бөх сонирхогч, цол авахыг хүссэн залууст “найраа” буюу мөнгөөр цол авах санал ийм байдлаар ирдэгийг тэрээр хэлжээ. Тухайлбал, 10 сая төгрөгөөр сумын заан болох нь хэр зохистой вэ гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн хэсэг бүлэг том цолтой бөхчүүд хэдэн залуусыг дагуулан явж байх үед “найраа” хийх гэж байна гэж ойлгодог бөгөөд энэ нь бөхөд орж байгаа залуусыг мөнгөтэй байвал цол авах боломжтой гэсэн буруу ойлголтод хүргэдэг нь харамсалтай гэжээ. Цолны “найраа” нь үнэн хүчээрээ бэлтгэл хийж байгаа зарим залуусын зоригийг мохоож, тэмүүллийг тасалдаг сөрөг нөлөөтэй гэж Б.Цэнд онцолсон байна.
