Мазаалайг хамгаалахад зориулан 210 автомат камер суурилуулжээ

2026-07-01 20:001min
20260701-200030-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2022 оноос мазаалайг хамгаалах ажлыг эрчимжүүлж, гол байршлын усны эх үүсвэрүүдэд 24 цагийн хяналтын автомат камерын системийг суурилуулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2022 оноос мазаалайг хамгаалах ажлыг эрчимжүүлсэн байна. Энэ хүрээнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд мазаалайн гол байршлын усны эх үүсвэрүүдэд 24 цагийн хяналтын автомат камерын системийг суурилуулжээ.

Тус бүс нутагт 2022 оноос хойш 210 автомат камер суурилуулж, мазаалайн тархац, шилжилт хөдөлгөөн, зан төлөвт тогтмол мониторинг, судалгаа хийж байна. Камерын хяналтын үр дүнд 2022 оноос хойш 13 алманцаг бүртгэгдсэн талаар Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.

Хяналтын системийг 6 метр өндөр цамхагт суурилуулсан бөгөөд нарны панель, антенн, камерыг нэгтгэн байршуулсан байна. Камерууд нь 8 мегапикселийн нягтралтай, 360 градус эргэдэг, 20 дахин оптик томруулалттай (PTZ 20X) бөгөөд -30-аас +60 хэмийн температурт хэвийн ажиллах чадвартай юм. Мөн 24 цагийн турш тасралтгүй ажиллах эрчим хүчийг нарны панель болон цэнэг хураагуур батарейгаар хангажээ.