Үндэсний их баяр наадамд 1024 бөх барилдахаар болжээ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Ардын хувьсгалын 105, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан энэ жилийн үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдахаар болжээ.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааныг энэ сарын 10-ны 10:00 цагт эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний өдөр нэг болон хоёрын даваа үргэлжлэх юм. Энэхүү барилдааныг үзэгчдэд үнэ төлбөргүй үзүүлэхээр зохион байгуулна.
11-ний өдөр албан ёсны нээлт болж, гурав, дөрөв, тавын даваа үргэлжлэх бөгөөд уламжлал ёсоор долоодугаар сарын 12-нд улсын шинэ цолтнууд тодордог байсан бол энэ жил 11-ний өдөр наадамчин болон начин цолтнуудаа гардуулан авах юм. Мөн 12-ны 10:30 цагт зургаагийн даваа эхлэхээр төлөвлөжээ.
Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батбямба “Шөвгөрсөн 64 бөхөөс допингийн шинжилгээ авна. Үндэсний бөхийн салбар хороо ерөнхий хяналт тавьж, мэргэжлийн сертификаттай шинжээч нар зохион байгуулалтыг гүйцэтгэнэ. Цагдаа, тагнуулын байгууллагын албан хаагчид сорьц авах ажиллагааг хянах юм. Допингийн шинжилгээг Германы Дрезден хотын лабораториор 12 цагийн дотор хүргэж, дөрөв хоногт багтаан эхний хариуг гаргана. Шинжилгээний хариуг 7-10 хоногт эцэслэн иргэдэд мэдээлнэ. Бөхийн барилдаантай холбоотой шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хангаж, төв цэнгэлдэхийн зүлгийг дахин солих боломжгүй” гэж мэдээлэв.
Түүнчлэн 20 жилийн өмнө Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд 1024 бөх барилдаж, монголчууд долоодугаар сарын 11-13-нд гурван өдөр наадамласан бөгөөд тухайн жилд Өвөрхангай аймгийн Хужит сумын харьяат улсын аварга Д.Сумъяабазар 10 даван түрүүлж байжээ.
