Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, бөхийн барилдааны товыг танилцууллаа

2026-06-30 18:001min
20260630-180042-file.jpeg
Шадар сайд Н.Номтойбаяр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт, үйлчилгээний бэлтгэл ажилд хяналт тавьж, бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны зургаадугаар сарын 30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.

Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцлов. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатар долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байгаагаа мэдээлэв.

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдэв.

Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг цагийн хуваарийн дагуу нарийн зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалт урилга байсан ч төлбөртэй болохыг онцлов.

Мөн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллах үүрэг өглөө.