2026 оны 8–10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэнгийн Хиймэл Оюун Ухаан, Тоон Загварчлал Судалгааны Хэлтэс 2026 оны 8–10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон танилцууллаа.
Эдгээр урьдчилсан төлөвийг сар бүрийн 28-ны өдөр шинэчлэн weather.gov.mn цахим хуудсанд байршуулдаг тул хэрэглэгчид шинэчилсэн мэдээллийг авч ашиглахыг зөвлөж байна.
Дэлхийн Цаг Уурын Байгууллагын тодорхойлсноор олон жилийн дундаж үзүүлэлтэд 1991–2020 оны хоорондох цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг ашигладаг.
Наймдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар агаарын температур +8…+14°С, Алтайн өвөр говь болон говийн талд +20…+26°С, бусад нутгаар +12…+20°С байна.
Есдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +2…+8°С, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар +12…+18°С, бусад нутгаар +8…+12°С дулаан байх төлөвтэй.
Аравдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0…+8°С, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар +12…+18°С, бусад нутгаар +8…+12°С дулаан байна.
Хур тунадасны хувьд наймдугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–100 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хур тунадас орно.
Есдүгээр сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25–40 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–10 мм, бусад нутгаар 10–25 мм хур тунадас орох төлөвтэй.
Аравдугаар сард Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 25–40 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–10 мм, бусад нутгаар 10–25 мм хур тунадас орох төлөвтэй байна.
2026 оны наймдугаар сард агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дундажтай ойролцоо, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Харин хур тунадас Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр олон жилийн дундажаас ахиу, бусад нутгаар дунджаар орох төлөвтэй байна.
Есдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундажтай ойролцоо байх бөгөөд хур тунадас Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Өмнөговийн ихэнх, Дундговийн өмнөд, Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дундажтай ойролцоо, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна.
Аравдугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дундажаас дулаан, бусад нутгаар дунджаар байх төлөвтэй байна.
Хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дундажтай харьцуулахад бага, бусад нутгаар дунджаар орох төлөвтэй байна.
Зөвлөмжид наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундажаас дулаан, хур тунадас төвийн бүс нутгаар их байх хэдий ч гэнэтийн ус ихтэй аадар борооны давтамж нэмэгдэж байгаа тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Цаашид есдүгээр сард агаарын дундаж температур олон жилийн дундажтай ойролцоо, хур тунадас ихэнх нутгаар бага байх төлөвтэй байна.
Аравдугаар сард баруун болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дундажтай харьцуулахад дулаан, хур тунадас баруун аймгуудын нутгаар бага, бусад нутгаар дунджаар байх төлөвтэй байна.
