Энэ жил Их Монгол Улсын 820 жилийн ойд зориулан 1024 бөх барилдах эсэхийг шийдвэрлэнэ

Энэ жил Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой тохиож байна.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн есдүгээр зүйл 9.1-д “Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана” гэж заасан байдаг.
Энэ жил хоёр тэгш ой давхцаагүй ч Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож буй учир 1024 бөх барилдуулах санал гарсан байна.
Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр 1024 бөх барилдах эсэхийг энэ сарын 30-нд тодорхой болгох бөгөөд бэлтгэл ажлыг хангаж байгаа гэлээ.
Хэрэв 1024 бөх барилдвал Монгол Улсын аварга цолтон төрөх магадлал өндөр болох ба Улсын цолны босго алхах бөхчүүдийн тоо нэмэгдэх төлөвтэй байна. Энэ талаар цаашид мэдээлэх болно.
