Лийдс хотод Чингис хааны олон улсын үзэсгэлэн нээгдлээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэнг 2026 оны 6 дугаар сарын 25-нд албан ёсоор нээж, олон нийтэд дэлгэлээ.
Чингис хаан Үндэсний музей өмнө нь Франц, Чех, Швейцар, Япон, Итали зэрэг улсуудад Монголын түүх, соёлын өвийг сурталчилсан олон улсын тусгай үзэсгэлэнгүүдийг амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд энэхүү үзэсгэлэн Монголын соёлын өвийг дэлхийн тавцанд таниулах бас нэгэн томоохон үйл явдал болж байна.
Үзэсгэлэнг нээж Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун Их эзэн Чингис хаан болон түүний үр хойчдын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр, дэлхийн хөгжилд үзүүлсэн нөлөө, түүхэн байр суурийг шинжлэх ухааны үндэслэлтэй олон нийтэд дэлгэн харуулахын зэрэгцээ нүүдлийн иргэншилт, монголчуудын өв соёлын онцлог, үнэт өвийг сурталчлах, мөн Монгол болон олон улсын судлаачдын хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд хүргэж байгаагаа онцлов.
Үзэсгэлэнд Монгол Улсын музей, эрдэм шинжилгээний байгууллагуудын үзмэрүүд оролцож байгаа бөгөөд Чингис хаан Үндэсний музей, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Хархорин музей, Дундговь аймгийн музей, Завхан аймгийн музейн сан хөмрөгөөс бүрдсэн нийт 255 дэсийн 437 үзмэрийг дэлгэн үзүүлж байна.
Чингис хаан Үндэсний музей Их Британийн нэр хүндтэй музейн нэг болох Эзэн хааны зэвсгийн музейтэй хамтран олон улсын томоохон хэмжээний үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан нь хоёр улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, найрсаг харилцааны түүхэнд онцлох үйл явдал болсон гэж үзэж байна.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн, Чингис хаан Үндэсний музейн ерөнхий захирал академич С.Чулуун, Монголын Үндэсний музейн захирал Д.Отгонсүрэн болон бусад албаны төлөөлөл оролцов.
Үзэсгэлэн 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл дэлгэгдэж, Европын үзэгчдийн хүртээл болох юм.
Эзэн хааны зэвсгийн музей нь Их Британийн үндэсний хэмжээний зэвсэг, хуяг дуулгын цуглуулгыг хадгалдаг бөгөөд дэлхийн хамгийн баялаг, нэр хүндтэй цуглуулгуудын нэг гэж тооцогддог байна.
