Улаанбаатар хот хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарч байна

2026-06-25 13:001min
20260625-130028-file.jpeg
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва хүүхдийн хөгжлийн төвүүдийн шинэчлэл, хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх талаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллаж байгааг танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтаар хүүхдийн хөгжлийн өнөөгийн байдал, хамгааллын асуудал, хүүхдийн хөгжлийн ордны үйл ажиллагаа, үйлчилгээний хүртээмж, төлөвлөлт, бүтэц зохион байгуулалтын талаар хэлэлцсэн бөгөөд “Хүүхдийн ордон 2” барилгын засвар шинэчлэлийн талаар мэдээлэл өгсөн байна.

НЗДТГ-ын дарга Б.Пүрэвдагва хүүхдийн аюулгүй орчин бүрдүүлэхэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг чухалчилж, иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудын оролцоо шаардлагатайг онцлов. Хотын зүгээс хүүхдэд эрсдэлтэй нөхцөл байдлын мэдээллийг хүлээн авч, НЗДТГ, ЗАА, дүүргүүдтэй хамтран засвар үйлчилгээг хийж байгаа талаар танилцууллаа. Тэрбээр “Хүүхдийн ордон 2” барилгыг хүүхдийн хөгжлийн төв болгох шийдвэр гарсан бөгөөд барилгын засвар шинэчлэл 60 хувьтай үргэлжилж байгааг тэмдэглэв.

1958 онд баригдсан, 1800 ам метр талбайтай уг барилга нь аюулгүй байдлын үнэлгээ авсан бөгөөд хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, шинжлэх ухаан, технологи, инновацын төв болгох төлөвлөгөөтэй байна. Ажлын гүйцэтгэл наймдугаар сард дуусч, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Мөн нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах ажлын хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, хувийн ААН-үүдээс санал авч байна. Төслийг 2028 он гэхэд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

НЗДТГ-ын дарга хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг өөрчилсөн талаар мэдээлэл өгч, “Хүүхдүүдийг “тусгай” гэж нэрлэх нь ялгаварлан гадуурхах нөхцөл үүсгэдэг тул нэрийг өөрчилж, дотоод орчныг гэрийнхтэй адил болгох ажлыг хийж байна” гэв.