Монгол Улсад анх удаа 512 зүслэгт хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томограф нэвтрүүллээ

2026-06-24 12:001min
20260624-120039-file.jpeg
Улсын гуравдугаар төв эмнэлэгт хиймэл оюун ухаанд суурилсан, өндөр нарийвчлалтай 512 зүслэгт компьютер томографийн төхөөрөмжийг анх удаа суурилуулж, оношилгоонд ашиглаж эхэллээ. Энэ нь оношилгооны үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад чиглэсэн чухал алхам юм.

Монгол Улсад анх удаа хиймэл оюун ухаанд суурилсан, өндөр нарийвчлалтай 512 зүслэгт компьютер томографийн төхөөрөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилуулж, оношилгоонд ашиглаж эхэллээ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжсэн энэхүү төсөл нь дүрс оношилгооны салбарт шинэ шатны дэвшил авчирч, иргэдэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн өндөр түвшний оношилгооны үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байна.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир хэлэхдээ, “Манай улсад ийм өндөр хүчин чадалтай аппарат анх удаа суурилагдаж байна. Өмнө нь 64 зүслэгт аппаратаар зүрхний титэм судасны шинжилгээ хийхэд 2-3 цаг зарцуулдаг байсан бол шинэ төхөөрөмжөөр хэдхэн секундэд хийх боломжтой боллоо. Энэ нь гадаад улсыг зорин оношилгоо хийлгэх шаардлагыг бууруулахад чухал хувь нэмэр оруулна” гэв.

Шинэ төхөөрөмж нь зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай юм. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт алгоритмууд нь хөдөлгөөн болон амьсгалын улмаас үүсдэг дүрсний алдагдлыг бууруулж, судасны бүтэц, эмгэг өөрчлөлтийг илүү тод, өндөр нарийвчлалтай дүрслэх боломжийг олгож байна.

Эрүүл мэндийн яамны Дүрс оношилгооны мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, АУ-ны доктор Ц.Эрдэмбилэгийн мэдээлснээр, ойролцоогоор 4 тэрбум төгрөгийн өртөгтэй энэхүү технологийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд нэвтрүүлж байна. Ингэснээр компьютер томографын шинжилгээний хүртээмж нэмэгдэж, иргэдийн хүлээлт багасах бөгөөд гадаадад оношлуулах шаардлага, түүнтэй холбоотой зардал буурах боломжтой юм.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн эмч, АУ-ы доктор, дэд профессор Д.Дэлгэрцэцэг хэлэхдээ, “Өмнө нь зүрхний компьютер томографын дүрслэлийг боловсруулахад хоёр цаг орчим зарцуулдаг байсан бол одоо 10 минутын дотор гаргаж байна. Шинжилгээ өөрөө 2-7 секундэд хийгддэг болсон. 2015 оноос хойш 64 зүслэгт төхөөрөмжөөр өдөрт дунджаар 5 хүнд шинжилгээ хийдэг байсан бол шинэ 512 зүслэгт аппаратаар өдөрт хамгийн багадаа 20, сардаа 500 гаруй хүнд үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо” гэв.

Тус төхөөрөмжөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй, хүнд болон онош тодорхойгүй өвчтөнүүдэд шинжилгээг үнэ төлбөргүй хийхээр төлөвлөжээ.

Neusoft NeuViz Epoch 512 зүслэгт компьютер томограф нь АНУ, Европын холбооны орнууд, Сингапур, Малайз, Япон зэрэг өндөр хөгжилтэй улсуудад ашиглагдаж буй дэлхийн хамгийн өндөр нягтаршилтай дүрс оношилгооны технологийн нэг бөгөөд олон улсын зах зээл дэх өртөг нь ойролцоогоор 2 сая ам.долларт хүрдэг байна.

Энэхүү дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр зүрх судас, тархи мэдрэл, уушги болон бусад эрхтэн тогтолцооны эмгэгийг богино хугацаанд өндөр нарийвчлалтай оношлох боломж бүрдэж, Монгол Улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх чухал алхам болж байна.