Прокурорын байгууллага 2026 онд авлигын гэмт хэрэгт холбогдсон 335 хүнд яллах дүгнэлт үйлджээ

2026-06-24 10:001min
20260624-100034-file.jpeg
Прокурорын байгууллага 2026 оны эхнээс авлигын гэмт хэрэгт буруутгагдсан 335 хүнд холбогдох 143 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс 4 хүнд ял оногдуулжээ.

Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг олон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэх зорилготой.

Прокурорын байгууллага 2026 оны эхнээс Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэгт буруутгагдсан 335 хүнд холбогдох 143 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Нийслэл прокурорын газраас 2026 оны 6 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд хахууль авах, өгөх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт буруутгагдсан 4 хүнд холбогдох 2 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэжээ.

Шүүхээс 4 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 хүнд 3 жилийн хорих ял, 3 хүнд 7-15 сая төгрөгийн торгох ял оногдуулсан байна. Мөн нийт 4 хүнд нийтийн албанд ажиллах эрхийг 1-4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулжээ.

Тухайлбал, Г.А нь Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналт, шалгалтын албаны даргаар ажиллаж байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 1-ээс 15-ны хооронд гаалийн хяналтын бүсэд хууль бус үүрэг чиглэл өгч, 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Т.Н-ээс 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт яллагдсан.

Т.Н нь Г.А-д 10 сая төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт яллагдаж, шүүхээс нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Мөн О.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хууль бусаар газар эзэмшүүлэх захирамж гаргаж, улсын төсөвт 690 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдсан.

Шүүхээс Б.Б, С.С нарыг бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, нийтийн албанд ажиллах эрхийг тус тус 3 жил, 1 жилээр хасаж, 15 сая, 7 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Иргэний хариуцагч нэр бүхий 3 хуулийн этгээдээс нийт 690 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Авлигын гэмт хэрэг нь нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, төрийн албанд хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулдаг тул нийгмийн аюулын шинжтэй гэдгийг анхаарах шаардлагатай юм.