Монголд хулангийн сүргийн тоо толгой эрс буурчээ

2026-06-23 14:001min
20260623-140049-file.jpeg
Монголд тархан амьдардаг хулангийн сүргийн тоо сүүлийн жилүүдэд цаг агаар, орчны өөрчлөлт болон хууль бус агнуурын улмаас эрс буурсан байна. Хулан нь олон улсын хэмжээнд “эмзэг” зэрэглэлтэй амьтан юм.

Говийн зургаан гайхамшгийн нэг болох хулан буюу зэрлэг илжгийн сүргийн тоо толгой эрс буурчээ. Дэлхийн нийт хулангийн 80 гаруй хувь нь Монгол Улсад тархан амьдардаг. Хулангийн биеийн урт нь 220 см, мундаа нь 137 см өндөр, сүүл нь 49 см, жин нь 200 кг хүрдэг. Гэрийн адуутай харьцуулахад толгой нь том, чих нь урт бөгөөд сүүл нь зөвхөн үзүүрийн хэсэгтээ шингэхэн богино хялгастай, хул зүстэй байдаг. Сүүлийн 2-3 жилд цаг агаар болон амьдрах орчны өөрчлөлтөөс шалтгаалан хулангийн тархац ихээхэн хумигдаж, ашиг хонжоо олох зорилготой хүмүүсийн үйл ажиллагааны улмаас тоо толгой нь эрс буурсан байна.

Хулан нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллаар олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “ховордсон” төрөл зүйлд багтдаг. Монгол Улсад хуланг 1953 оноос хуулиар агнахыг хориглож, 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны хавсралтад бүртгэн, Монгол Улсын улаан номд оруулсан юм.