Увс аймгийн Тэс суманд боом өвчний хүний халдвар илэрлээ

Увс аймгийн Тэс суманд боом өвчний хүний халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн молекул биологийн (PCR) шинжилгээгээр нэг хүн боом өвчний халдвар авсныг тогтоожээ. Тус тохиолдол нь энэ сарын 15-ны өдөр тодорхой шалтгаангүй үхсэн хоньтой харьцах үед халдвар авсан байх магадлалтай гэж үзэж байна. Одоогоор өвчтөн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна.
Увс аймгийн нийт газар нутгийн 36.8 хувь нь боом өвчний байгалийн голомттой бөгөөд Өндөрхангай, Тэс, Зүүнговь, Хяргас, Улаангом, Тариалан, Бөхмөрөн зэрэг долоон сум багтдаг. Аймгийн хэмжээнд хүний боом өвчний тохиолдол 2004 оноос хойш бүртгэгдэж, Тэс сумд зургаан удаа өвчлөл гарчээ.
Боом өвчин нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг хурц халдварт өвчин юм. Халдвар авсан үед гэнэт өндөр халуурах, дотор муухайрах, биеийн ил хэсэгт жижиг улаан хүрэн өнгийн гүврүү үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ өвчин нь хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хордлого үүсгэдэг.
Боом өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай байдаг. Тиймээс газар шорооны ажил хийх, өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед халдвар дамжих эрсдэл өндөр байна. Мөн малын түүхий эд боловсруулах, ноос ноолуур, арьс ширтэй харьцах, мал нядлах үед малчид халдвар авах эрсдэлтэй тул анхааралтай байхыг зөвлөж байна.
