Дүнжингаравын дэлбэрэлтэд холбогдсон жолоочийг дахин яллагдагчаар татав

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн уулзварт шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл Nissan Patrol маркийн автомашинтай мөргөлдөж, хүчтэй дэлбэрэлт болж гал гарсан. Энэ ослоор долоон хүн амиа алдаж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан.
Уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2025 оны дөрөвдүгээр сарын 22-нд болж, Эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарсан байна.
Нийслэлийн прокурорын газраас “Дашваанжил” ХХК-ийн жолооч Н.Р-ийг Вэйбэн норт бенз (Beiben North Benz) маркийн тээврийн хэрэгслээр 15.7 тонн шингэрүүлсэн хий тээвэрлэх явцдаа замын хөдөлгөөнд оролцохдоо Ниссан патрол автомашинтай шүргэлцэж, их хэмжээний хий алдагдахад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн заалтыг зөрчиж, үүргээ биелүүлээгүй гэж үзэн буруутгажээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргээр яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд дахин шилжүүлсэн байна.
