Волгоградын академийн 60 жилийн ойн баярт Монгол Улсын төрийн дээд одон гардуулжээ

2026-06-19 20:001min
20260619-200031-file.jpeg
ОХУ-ын Волгоградын академийн 60 жилийн ойд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус сургуульд "Алтан гадас" одон хүртээсэн талаар мэдээлэл гарлаа. Академи нь цагдаа, мөрдөн байцаагч бэлтгэдэг цэргийн сургууль юм.

ОХУ-ын Дотоод хэргийн яамны Волгоградын академийн 60 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар зарлигаар тус сургуульд төрийн дээд “Алтан гадас” одон хүртээжээ.

Одонг Волгоград хотноо болсон ойн баярын хурлын үеэр тус академийн захирал, цагдаагийн хурандаа В.М.Флоча-д Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Т.Төгсбилгүүн, Зөвлөх О.Бат нар гардуулсан байна.

Волгоградын академи нь цагдаа, мөрдөн байцаагч, криминалистикийн шинжээч бэлтгэдэг цэргийн сургууль юм. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар тус академид 16 сонсогч суралцаж байна.

БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны захиалгаар 1974 онд анхны монгол сонсогчид Волгоградын мөрдөн байцаагчийн дээд сургуульд суралцаж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл нийт 400 гаруй алба хаагч бакалавр, магистр, адъюнктурын сургалтад хамрагджээ.

Волгоградын академийн төгсөгчдөөс Монгол Улсын Гавьяат хуульч 5 хүн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн 1, Монгол Улсын генерал 1, Монгол Улсын Ерөнхий прокурор 1, Улсын дээд шүүхийн шүүгч 1, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашсан 3 хүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор 2, Хууль зүйн доктор 9, Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн 1, хурандаа цолтон 65 тус тус төрөн гарсан байна.